“Сүхбаатар-Нэг мөрөөдөл” ТББ нь боловсролын салбарыг дэмжих, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Сүхбаатар-боловсрол” форумыг зохион байгуулсан. Улмаар тэд ЕБС-ийн багш нар болон менежер, захирлуудад 2 өрөө байрын супер шагналтай “Шилдэг багш-2020” төсөлт уралдааныг зарласан юм. Ингэхдээ шилдгийн шилдэг багшийг 2 өрөө байр, шилдэг менежер, захирлыг тус бүр 5 сая төгрөгөөр шагнахаа зарлаж, уралдаанаа эхлүүлсэн билээ.
Цар тахлаас болж өнгөрсөн хоёр жилийн турш үргэлжилсэн уралдаанаа дүгнэж, шилдгүүдийг шалгарууллаа. “Шилдэг багш-2020” уралдааны ялагчаар Баруун-Урт сумын 1-р сургуулийн технологийн багш Б.Энхнаран тодорч, хоёр өрөө байрын эзэн болов. Эхний шатанд шалгарсан шилдэг 26 багшийг “Сүхбаатар нэг мөрөөдөл ” ТББ-ын зүгээс тус бүр 3 сая төгрөгөөр урамшуулсан. Уулбаян сумын ЕБС-ын менежер Д.Уугансүрэн нь шилдэг менежер, Баруун-Урт сумын 3-р сургуулийн захирал Ч. Алтаннавч нар Шилдэгээр шалгарч, тус бүр 5 сая төгрөгийн эзэн боллоо.
“Шилдэг багш-2020” уралдааны ялагч Б.Энхнаран “Шагналын байрны зурганд гэр бүлийн зургаа оруулж янзлаад, ийм байртай болох юм сан гэж мөрөөдөж байсан. Энэхүү тэмцээнд орсноор өөрийгөө шинээр нээлээ. Тэмцээний шалгаруулалтын явцад их зүйлийг сурлаа. Өөрийнхөө нөөц, боломжийг нээж харсандаа баяртай байна. Манай гэр бүлийн хүн багш. Та бүхэн хоёр багшийг шагнасан юм шүү” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан.
“Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ тус төслийг цаашид үргэлжлүүлэх бөгөөд ирэх жилийн уралдаанд шилдгийн шилдгээр шалгарах багш 2 өрөө байрын эзэн болох юм. Мөн шилдэг 40 багшийг шалгаруулах юм байна. Түүнчлэн тус төслийг сонирхож, өөрийн аймаг, сумандаа хэрэгжүүлэхэд нөү хаугаа хуваалцахыг хүссэн байгууллага, хүмүүс “Сүхбаатар нэг мөрөөдөл” ТББ-д хандах болжээ.

Leave a Reply

Your email address will not be published.