САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Монгол улсын соёлын элч, “ТИТЭМ АРТ” академийн тэргүүн урлаг судлалын ухааны доктор уран бичээч Э. Ариунболдын “Их хаадын захидал” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Баруун-урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Р.Алтаннар оролцлоо.Аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нээж үг хэлэхдээ : Төрийн байгууллага хос бичигтэн болох, ЕБС-ийн сурагчид үндэсний өв уламжлал соёлыг хадгалсан бичиг үсгийг түгээн дэлгэрүүлэхэд хичээнгүйлэн сурч байгааг тодотгов. Аймгийн Хэлний бодлогын зөвлөл болон гишүүд хичээж ажиллаж байгаагийн үр дүнд монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх ажил Сүхбаатар аймагт сайн явж байгаа гэдгийг МУ-ын хэлний бодлогын зөвлөлөөс дүгнэсэн гэдгийг онцолж “ИХ ХААДЫН ЗАХИДАЛ” төрөлх нутагтаа дэлгэж буй Титэм Арт академмийн тэргүүн Э. Ариунболдод талархал дэвшүүлж амжилт хүслээ.

Үндэсний бичиг үсгийн баярт зориулан дэлгэж буй уг үзэсгэлэнгээс бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр хэлэхдээ : Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм.. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт. Энэ үзэсгэлэн нь захидлуудыг хуулбарлан цогцоор нь гаргаж байгаагаараа онцлогтой бөгөөд эх хэл, бичиг соёлоо олон нийтэд хүүхэд залууст бахархуулан таниулахад тустай юм” гэв.

Эзэнт гүрний хаадын гадаад бодлого болон ертөнцийг үзэх үзлийн тусгал болсон эдгээр захидал нь урлагийн бүтээл болохын сацуу түүхийн баримт болон үлдэж буйгаараа чухал ач холбогдолтой юм. Сүхбаатар аймагт анх удаа дэлгэгдэж буй уг үзэсгэлэн Төрийн ордны Түүхийн музейд 2 удаа дэлгэгдэж байжээ.