
Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч 92,6 хувь нь цагаан зудтай, 7,7 хувь буюу Түмэнцогт сум төмөр мөсөн зудын хэмжээнд хүрчээ. УЦУОШТ-өөс өгч байгаа мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох урьдчилсан төлөвтэй байна.
Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжлээ.
Улсын онцгой комиссоос тэжээл олгох ажлыг ирэх долоо хоногт багтаж зохион байгуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болгов. Нэг суманд 300 орчим тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгож эхэллээ.
Өлгий уул, Гүн булаг орчмын замыг хагалах ажлыг энэ сарын 6-нд зохион байгуулна
Баруун-урт сумын ЗДТГ Төмөртэй, Гүн булагт, Тахилгат, Зүүн амгалан, Баруун тариа, Түмэнгийн зам, Энх амар гэсэн чиглэлд нийт 140км замыг нээхээр ажиллаж байна. Тус орчимд 50 орчим өрхийн 17000 гаруй мал өвөлжиж байна.
Малчдын хоол хүнс болон тэжээл татах боломж бүрдүүлж маргааш зам хагалах ажлыг хийж эхэлнэ. Зам хагалж байгаа үеэр иргэд хөдөлгөөн хийх хэрэгтэйг онцлов. Бусад сумдад зам хаагдсан газруудад сард нэг удаа зам хагалж, байхыг сумдын удирдлагад чиглэл болголоо.
“Олгой булаг” ХК-аас нүүрс татах ажлыг эхлүүлнэ
“Олгой булаг” ХК-аас нүүрс татан авах ажил ирэх долоо хоногт эхэлнэ. Эхний ээлжинд 1000 тн нүүрс татаж Баруун-Урт сумын багийн иргэдэд олгоно. Дараагийн ээлжинд сум тус бүрт 100 тн нүүрс олгох юм.
Отрын штаб байгуулахаар болов
Эрдэнэцагаан сумын Лагийн нуур орчимд Сүхбаатар сум, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумд хамтарсан хээрийн штабыг байгуулахаар болов. Малчид болон эрэлчдэд дэмжлэг болж, 3 гэр байршуулж ирэх долоо хоногоос эхлэн ажиллахаар боллоо. Аймаг, сумдын өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж ажлын хэсэг гаргаж Эрдэнэцагаан сумын хил дээрх өвсийг энэ сарын эхний 14 хоногт багтаж татаж авахаар болов.
