
Сүхбаатар аймгийн Онцгой комисс 2023 оны 05 дугаар сарын 20-нд өглөөний 09:00 цагт хуралдаж, цаг үеийн асуудлаар үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн хэмжээнд аймгийн Онцгой байдлын газарт 67 дуудлага иржээ. Үүний 20 гаруй нь айлын байшингийн дээвэр хууларсан гэсэн дуудлага байна.
Төөрч алга болсон иргэдийн 50 дуудлага ирж 82 хүнийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэж өгчээ. Өнөөдрийн байдлаар малдаа яваад сураггүй болсон 30 хүнийг эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Халзан, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Сүхбаатар зэрэг сумдад цахилгааны гэмтэл гарч засварын ажил хийгдэж байна. Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотруу зорчигч тээврийн 41 зорчигчтой автобусыг Хэнтий аймагт түр саатуулан иргэдийг хэнтий аймгийн Коллежийн зааланд байрлуулжээ. Шуурганы улмаас Баруун-Урт хотын ундны усыг хангадаг Шовдолын худаг цахилгаангүй болсоныг яаралтай засварлахаар ажиллаж байна. Түмэнцогт суманд үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.
Мөн Өндөрхаан Мөнххаан чиглэлийн автозам гурван хэсэгт зорчих боломжгүй байгаа тул хөдөлгөөнийг хаажээ. Үдээс хойш гэхэд нээхээр тооцжээ. Аймаг болон сумдын хэмжээнд учирсан хохиролын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.