Монгол Улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн хамт олон ойн баяраа тэмдэглэж байна. Ус цаг уурын түүхт 100 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа баярын хуралд оролцож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Түүхт 100 жилийн хугацаанд цаг уурын байгууллагад ажиллаж байсан болон одоо ажиллаж буй хүмүүсийг төрийн дээд одон медаль, Засгийн газрын шагнал, аймаг орон нутгийн шагналаар шагналаа.

. Монгол Улсын Ардын засгийн шийдвэрээр байгуулсан Судар бичгийн хүрээлэнгийн 1924 оны 3 дугаар сарын 23-ний өдрийн тогтоолоор хүрээлэнгийн үндсэн бүтцэд огторгуйн одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа байгуулагдаж улмаар Нийслэл хүрээ, Сонгины булан зэрэг газарт өртөө байгуулах болсноор өнөөгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбар үүсэж хөгжих үндэс тавигджээ.

. Сүхбаатар аймагт анхны цаг уурын сүлжээ БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1935 оны гэрээний дагуу зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хүч хөрөнгөөр 1937 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Эрдэнэцагаан сумын төв Чоно голд Югзэр цаг уурын өртөө, 1938 оны 10 дугаар сарын 11-ний өдөр одоогийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хуучнаар Хонгор суманд ус цаг уурын “Байшинт” өртөө байгуулагдаж аймагт ус цаг уурын шинжилгээний албаны эхлэл тавигдсан байна.