/2022. 06-27/

Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 06-р сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, БШУГ, ГБХЗХГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
УЦУОШТ-ИЙН ДАРГА Х.ЭНХБАЯР : Өнгөрсөн долоо хоногийн цаг агаарын тойм мэдээг танилцуулав.
2022 оны 06 дугаар сарын 27-наас 07 дугаар сарын 04-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 07 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 2, 3-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 27-нд өдөртөө 20-20 градус дулаан, бусад хугацаанд халж шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗРЫН ДАРГА Л.БАЙГАЛМАА : Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийв.
2022 оны их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ЭЕШ улс даяар явагдаж дууслаа. Сүхбаатар аймагт шалгалт 90,8 хувийн ирцтэй зохион байгуулагдлаа. ЭЕШ-д Сүхбаатар аймгийн 2 сурагч 800 оноо авсан.
Математикийн хичээлээр Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Ш.Нямбаяр 95 хувийн гүйцэтгэлтэй, Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн сурагч Т.Болортуяа 100 хувийн гүйцэтгэлтэйгээр тус тус 800 оноо авсан байна. Мөн Дарьганга, Түвшинширээ сумын ЕБС-ийн анхны 12-р ангийн төгсөгчид ЭЕШ-аа өгсөн талаар мэдээлэл хийв.
ГБХЗХГ-ЫН ДАРГА М.ТУУЛ : “Гэрээр ажиллах” аяны талаар мэдээлэл хийв. Баруун-Урт сумын 9 багийн 200 өрх дээр тус аяныг хийж судалгаа авсан байна. Нөхцөл байдлын үнэлгээгээр ахуйн хүрээний архидалт ихтэй 4 өрх тутмын 3 өрх нь ахуйн хүрээний архидалттай байгаа нь судалгаагаар харагдаж байна.
Ахуйн хүрээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажил гэрийн орчин нөхцөлд хангалтгүй байгаа нь ажиглагдсан байна.
#Тоонот21×21 төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Хүүхдийн тусламжийн 108 утсыг орон даяар таниулах, сурталчилах зорилготой #НэгдүгээртХүүхэд бүжгийн чаллэнжийг орон даяар эхлүүлж байгаа билээ.
Toonot продакшны тоглолт 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдана.
Иймд хүүхэд, залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Хүүхэд бүр бидэнтэй нэгдэхийг уриалав.
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ : П.МӨНХЖАРГАЛ
Монгол Улсын Ерөнхий сайд энэ сарын 30-нд Сүхбаатар аймагт ажиллана. Иргэд хөдөлмөрчдийн уулзалт болон Залуучуудын уулзалтыг Дарьганга зочид буудалд зохион байгуулна. Холбогдох газар хэлтсийн удирдлага бэлтгэл ажлыг хангаж ажиллах чиглэлийг өгөв.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бэлтгэл ажилтай холбоотой хийгдэж буй ажлын талаар мэдээлэл хийв.
Наадмын талбайн ажил 7 дугаар сарын 20 гэхэд талбайн ажил бүрэн дуусч ашиглалтад оруулна.Барилгын ажил график төлөвлөгөөний дагуу явж байгааг тодотгов. Хил хаалттай ч тоног төхөөрөмжийг захиалсан татан авах ажил хийгдэж байна.
Тойргийн авто замын хучилтын ажил бүрэн хийгдэж дууслаа. Эрдэнэцагаан болон Дарьганга сум руу гардаг гарц хүртэлх замын хучилтын ажлыг улсын баяр наадмаас өмнө хучиж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Зарим албан байгууллагын хашаанд байгаа машины сэгийг цэвэрлэх, эвдэрсэн хашаа хайсыг засаж янзлах, хувийн хэвшлийн байгууллага хашаан доторх хогоо цэвэрлэх зэрэг ир цэвэрлэгээний ажлыг ойн баяр наадмаас өмнө зохион байгуулж хяналт тавьж ажиллахыг Баруун-Урт сумын ЗДТГ, МХГ чиглэл болгов.