Удирдах ажилтны шуурхай хурлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав. Цаг үеийн шинжтэй мэдээллийг Онцгой байдлын газар, УЦУОШТ, Эрүүл мэндийн газар, Баруун-Урт сумын ИТХ, Соёл, Урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Баруун-Урт сумын 3-р цэцэрлэг, Цагдаагийн газар, Төрийн аудитын газар зэрэг байгууллагууд хийв.

Онцгой байдлын газар: Өнгөрөгч долоо хоногт гамшигт аюулт үзэгдлийн буюу хээрийн түймрийн дуудлага Эрдэнэцагаан суманд 2 бүртгэгдэж тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн албан хаагчид болон малчид, иргэдийн хамт ажиллаж унтраасан байна.
Баруун-Урт сумын ИТХ-аас 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор “Гэр бүлийн өдөр” болгон зарласантай холбоотой Баруун-Урт сумын хэмжээнд 7 хоног бүрийн Ням гарагийг Гэр бүлийн өдөр болгон зарласан. Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ хамтран 2023.05.14-ний өдөр “Цацарсан хайр” өдөрлөгийг зохион байгуулж, холбогдох мэргэжлийн байгуулагууд хамтран оролцсон талаар мэдээлэл хийв.
УЦУОШТ : 2023 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар 22-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: Хур тунадас: 16, 20-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 16-нд секундэд 7-12 метр түр зуур 14-16м/с, 19,20-нд нийт нутгаар секундэд 10-15 метр түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: 18-нд дулаарч шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +22…+27 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан байна.
• СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗАР : Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон хэрэгжих асуудлын талаар танилцуулав.
• Соёл, Урлагийн газар : Соёл, урлагийн газрын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан
• Соёл, урлагийн салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн онцлог арга хэмжээний талаар танилцуулав.
• Эрүүл мэндийн газар : Томуу томуу төст өвчин болон коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулав. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо маскаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барихыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байв.
• АНЭ, хувийн хэвшлийн 3 эмнэлэгт Орчны эрүүл мэнд, дархлаажуулалт,Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр дэмжлэгт хяналт зохион байгуулав. Баруун-Урт сумын зорилтот бүлгийн хүн амд Сүрьеэ БЗДХӨ, эрт илрүүлэг, сургалт мэдээллийн үйл ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 10-19-ний хооронд зохион байгуулж байна.
• Боловсрол шинжлэх ухааны газар: Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Боловсрол төгөл байгуулан мод тарих, арчлах, тордох ажлыг хийж байгаа талаар мэдээлэл хийв. Албан байгууллага бүр тарьсан модоо тогтмол арчилж тордож байхыг зөвлөж байв.
• Аймгийн Цагдаагийн газар : 5 дугаар сар гарсаар зам тээврийн осол, жолоочийн анхаарал болгоомжгүйн улмаас бага насны 2 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарав. Жолооч тээврийн хэрэгсэлээ хөдөлгөхөөс өмнө машины ойр орчмыг сайтар шалгаж, замын хөдөлгөөнд оролцож байхыг онцгойлон анхааруулав.
• УДИРДЛАГААС ӨГСӨН ҮҮРЭГ ЧИГЛЭЛ : ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.МӨНХЗАЯА
• Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, МУЗГ-ын тогтоолын дагуу Тэрбум мод Үндэсний хөдөлгөөний хүрээнд Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд албан байгууллага, аж ахуй нэгжүүд мод тарих ажилд идэвхтэй оролцох
• Энэ сарын 20-ны дотор бүх байгууллага бүр нөхөн тарилт хийж, мэдээллийг холбогдох газарт ирүүлэх
• Тарьсан модоо, арчилж тордох ажлыг тогтмол хийх зэрэг чиглэлийг өгөв.
05 дугаар сарын 20,21-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн 1000 иргэний хараа шалгах үзлэгийг зохион байгуулна. БНСУ-ын “Хараа зүйн төв”-тэй хамтран хийх тус үзлэгийн 70 хувь нь том хүн, 30 хувь нь хүүхэд байх юм. Сумд болон аймгийн төвийн харааны бэрхшээлтэй иргэдийг хамруулах бэлтгэл ажил хийгдэж байна.