Аймгийн Удирдах ажилтны шуурхай хурлыг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулав. Уг хуралдаанаар цаг үеийн шинжтэй ажлын талаар ОБГ, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР : Өнгөрөгч долоо хоногт аймгийн хэмжээнд ковидын тохиолдол батлагдаагүй, эрс буурсан.Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Улсын хэмжээнд болон аймгийн хэмжээнд идэвхжлийн түвшинд байна. Мөн тууралттай халдвар, халууралттай цэврүүтэй халдвар нэмэгдэж байна. Манай аймгийн хувьд вирусын гаралтай менингитын 11 тохиолдол батлагджээ. 2-11 насны хүүхдүүдэд менингитын халдвар батлагдсан байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх нийтийн арга хэмжээг авах шаардлагатай байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР – Өнгөрөгч долоо хоногийн гамшиг осол, аюулт үзэгдлийн мэдээгээр хээрийн түймрийн дуудлага – 2 иржээ. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт гарсан түймрийг тус суман дахь Гал түймэр унтраах 47-р ангийн бие бүрэлдэхүүн болон сумын ЗДТГ-ын албан хаагчид ажиллаж унтраасан байна.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажилласан нь үр дүнтэй ажил байв. Сумдад тулгамдаж буй асуудлыг нь сонсож арга хэмжээ авч ажиллав. Ажил сайжруулах шаардлагатай газруудад холбогдох чиглэлийг өгөв.

БОАЖГ-т намрын мод тарилтын ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажил хангах, Аймгийн хэмжээнд тарьж ургуулсан модны ургалтын байдал, нөхөн тарилт хийх зохион байгуулалтын талаар танилцуулах,
Нийтийн эзэмшлийн зам талбайд тарьсан модны хэлбэржүүлэлтийг хийх, ОНӨҮГ-ууд буюу /Ойжуулалт-Хайлааст ХХК, “Баруун-Урт цэцэрлэгжүүлэлт” ОНӨҮГ /-ын удирдлагуудад үүрэг болгов. Баруун-Уртын голоо хамгаалах, сэргээх зорилгоор хашаа татах ажил хийгдэж байна. Мал оруулахгүй байх ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ хариуцах зэрэг чиглэл өгөв.