/2023.01.16/
Аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2023 оны 1-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцон УЦУОШТ, БШУГ, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс,БТСГ, Хууль эрхзүйн хэлтэс зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ.

Аймгийн хэмжээнд 2022 оны эцэст, мал тооллогын дүнгээр 4.6 сая толгой мал тооллогдлоо. Сүүлийн 32 жил сүрэгт ямааны эзлэх хувь 25.3 нэгж хувиар нэмэгдсэн. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос 0.1 нэгж хувиар буурчээ.
Малын төрлөөр задлавал 402.5 мянган адуу, 341.9 мянган үхэр, 8.0 мянган тэмээ, 2.4 сая хонь, 1.5 сая ямаа тоологдлоо. Өмнөх онтой харьцуулахад хонь 199.0 мянга (10.6%), ямаа 139.2 мянга (10.4%), адуу 38.0 мянга (10.4%), үхэр 33.6 мянга (10.9%), тэмээ 0.2 мянга (3.0%) толгойгоор тус тус өссөн байна.
Баяндэлгэр сум 565.8 мянган мал тоолуулж, аймагтаа Хамгийн их малтай байна.
– Бүх сумдад малын тоо өмнөх оноос 5.7-62.2 мянган толгойгоор өссөн.
Асгат, Мөнххаан, Эрдэнэцагаан сумд 4 төрөл, бусад 10 сум 5 төрөл дээрээ өсгөсөн.
Эрдэнэцагаан сум адууны тоогоор, Баруун-Урт сум үхрийн тоогоор, Түвшинширээ сум тэмээний тоогоор, Баяндэлгэр сум хонь, ямааны тоогоор тэргүүлсэн хэвээр байна.
Боловсрол шинжлэх ухааны газраас улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Багш цом-2022” Анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон талаар мэдээлэл хүргэв. 2023 онд боловсролын салбарт шинээр хэрэгжиж эхэлж байгаа олон улсын болон төсөл хөтөлбөрийн талаар тус тус мэдээлэл хийлээ. “Сүхбаатар аймгийн Нэг мөрөөдөл” ТББ-аас зохион байгуулж байгаа Хүүхэд залуучуудын манлайллын Англи хэлний төсөлд нийт 30 хүүхэд шалгаран гадаадад суралцах үндсэн шаардлагуудыг хангах үүднээс хоёр жилийн хугацаанд тусгайлсан сургалттай англи хэлний хөтөлбөрт хамрагдахаар болсон. Хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 1 сарын 16-17-ны өдрүүдэд Хотын аяллыг зохион байгуулж хүүхдүүдэд мэргэжлээ сонгох, зорилго мөрөөдлөө тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж байгаа аж.
Улсын бүртгэлийн хэлтэс 2022 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, онцлог ажлын талаар танилцуулав.
УЦУОШТ -өөс 2023 оны 01 дүгээр сарын 16-наас 01 дүгээр 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулав.
(Сүхбаатар аймгийн нутгаар)
Хур тунадас: 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: 17,19, 21,22-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-17 метр хүрч ширүүсэж, явган цасан шуурга шуурна. Бусад хугацаандаа баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн, 20-ноос нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17…-22 градус хүйтэн байна.
Удирдлагаас өгсөн үүрэг чиглэл
Аймгийн Засаг дарга М.Идэрбат Улаанбаатар хотод томилолтоор ажилласан талаар мэдээлэл хийв. Монгол Улсын их хурлаас санаачлан МУ-ын үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотой хэлэлцүүлэг зохион байгуулсан талаар товч мэдээлэл өгөв.
– Халтиргаа гулгаанаас сэргийлж байгууллагууд хуваарьт газрыг тогтмол цэвэрлэх, холбогдох газрууд хяналт тавих,
– Баруун-Урт хотоос мал гаргах ажлыг эрчимжүүлэх, золбин нохойг устгах ажил дээр онцгой анхаарахыг тус тус үүрэг болгов.