
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн хаврын тэргүүн сарын Шинийн 14-ний өлзий билигтэй энэ өдөр Зүүн өмнөд хязгаарын Монголчуудыг дагуулан тохинуулах сайд, Ачит мэргэн цорж, Арилсан чин бишрэлт, Хувилгаан тойн, Егүзэр зан бадарсан, Эрдэнэ мэргэн хамба хутагт, Ялгуусан чин зүтгэлт, Үнэн сүжигт гэгээнтний тавдугаар дүр, хамба Егүзэр хутагт Данзанлувсанванжалыг Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамбын ширээнд залах ёслол боллоо.
Тус арга хэмжээнд Эрдэнэмандал хийдийн удирдлага болон аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр нар оролцож хүндэтгэл үзүүллээ.
Егүзэр хутагт Данзанлувсанванжал 1998 онд Эрдэнэцагаан суманд бэлтгэл ангид суралцаж байсан, мөн 2013 онд Энэтхэгээс Монголд анх ирээд хэнд ч хэлэлгүй, өөрийн хүслээр Эрдэнэцагаанд очиж байсан зэрэг нь “Өнө өглөгт” хийд болон энэ зүгийн сүсэгтэн олонтой урьдын ерөөл барилдлагатайг харуулсан хэмээн өгүүлж биширдэг сүсэгтнүүд олон бий.
Өндөр их өвгөдийн үеэс өдгөөг хүртэл бидний оюун санааны удирдагч болж, эрхэм хүндтэй сэнтийд эргэлтгүй заларсан хийгээд гүн хүндэтгэлтэй заларч буй Хатагин их Егүзэр хутагтуудын өлзий хийморь Та биднийг ивээх болтугай хэмээв.