ХОНГОРЫН ГОЛЫН ХҮН ЧУЛУУН ХӨШӨӨД

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс баруун зүгт 25 орчим км, Хонгорын голын баруун эрэг, Хонгор овоо хэмээх багавтар толгойн зүүн урд бэлд шаргал боржингоор үйлдсэн 2 хүн чулуун хөшөө байна. Тус хүн чулуудыг анх 1961 онд Археологич Н.Сэр-Оджаваар ахлуулсан Д.Дорж, В.В.Волков нарын бүрэлдэхүүнтэй ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Эртний судлалын хайгуулын анги илрүүлж байжээ. Мөн нэрт археологич Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. 1-р хүн чулуун хөшөө.

Энэхүү хөшөөг шаргал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөний толгойн хэсэг хугарч унасан хэдий ч эвлүүлж тавьж болно. Толгойн нүүрэн хэсэг элэгдэж мөлийсөн тул эд эрхтнүүдийн дүрслэл бараг мэдэгдэхгүй болж ерөнхий нүүрний дүрс л мэдэгдэнэ. Толгойн 2 шанаанд жижигэвтэр чих дүрсэлж түүний араар гогцооруулан боосон гэзэг дүрсэлжээ. Баруун гартаа цөгцөн ёроолтой, хумбагар биетэй сав барьж цээжиндээ авсан, зүүн гараа ташаа орчимд бүснээс барьсан байдалтай дүрслэл гаргасан байна. Бүсэлхийд 2 шулуун зураасыг зэрэгцүүлэн бүс дүрсэлжээ. Баруун ташаанд бүснээс зүүсэн жижгэвтэр хавтага үзэгдэх бөгөөд тэр нь бүсний орчимд тээгтэй харагдана. Баруун талын ташаанд том дугуй өнцөгтэй хавтага дүрсэлсэн байна. Хөшөөнд бүсэлхийнээс доош ямар нэг дүрслэл байхгүй юм. 2-р хүн чулуун хөшөө. 1-р хүн чулуун хөшөөнөөсөө урагш 50-иад м-т цээжин хэсэг нь байхгүй болсон хүн чулуун хөшөө байна. Эр хүйсийн тэмдэг болон бүсний толины дүрслэгдэхүүн л харагдана.НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна.Ашигласан ном зохиолТүүх соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын нэгдсэн тайлан.Д.Баяр. Монголчуудын чулуун хөрөг. УБ., 1995.
