
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг МЭЕГ-ын дарга Б.Батчулуун болон хүнс үйлдвэрлэгчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцлоо.
Хүнсний аюулгүй байдлыг хангаж Монгол хүн эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2019 оны 52 дугаар тогтоолоор “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг баталсан хэрэгжүүлж эхэлсэн.
Тус хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлснээр Монгол Улсын хүнсний гол нэрийн 16 бүтээгдэхүүний хангамжийн тогтвортой байдлыг 70 хувьд хүргэж дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тэнцвэртэй байдлыг 30 хувьд хүргэж импортын хамаарлыг үе шаттай бууруулах нөхцөл боломж бүрдэх юм гэдгийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцолж байв.
Сүхбаатар аймгийн хүнс, үйлдвэрлэл эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа танилцуулав. Тухайлбал : Малын тооны өсөлт нь бэлчээрийн доройтол улам эрчимжих нөхцөл байдал үүсч буй учир шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
– Үлийн цагаан оготоно устгалыг чанартай зохион байгуулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ,
– Орон нутагт хөдөө аж ахуйн салбарт ажиллах боловсон хүчний нөөц дутагдалтай байгааг хэлж бодлогоор дэмжиж ажиллах шаардлагатай гэдгийг салбарын сайддаа уламжилж байв.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй “Дарьт шүтээн” ХХК-ний “Баян тал” махны үйлдвэр
“Хийморьт агшуун” ХХК-ний “Баялаг” НБЦ-ийн үйл ажиллагаа болон “Дөрвөн гэгээ эрдэнэ ” хоршооны ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

