БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын төлөөллийг Аймгийн Засаг дарга М.Идэрбат болон орон нутгийн удирдлагууд хүлээн авч, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар Ерөнхий консул Кэ Юушэн Хятад, Монголын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, Ерөнхий консулын газар болон Сүхбаатар аймгийн харилцаа хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, Сүхбаатар аймагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, боловсролын салбар сурагчдын хөгжлийг дэмжих тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

. Сүхбаатар аймгийн удирдлагуудын зүгээс БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Иж бүрэн стратегийн түншлэл байгуулсны 10 жилийн ой тохиож буй энэ онцгой цаг үед албан ёсны айлчлал хийж буйд талархан цаашид БНХАУ-ын хил залгаа муж, хотуудтай хамтын ажиллагааг илүү өргөжүүлж амьд мал, хагас боловсруулсан малын махыг БНХАУ-руу экспортлох, Бичигт боомтыг өргөтгөх ажлыг түргэтгэж, хүрэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэх, соёл урлаг, спортын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэн Хятад хэлний кабинет байгуулах тал дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.