
Сүхбаатар аймаг, АШУҮИС хамтран орон нутагт эрэлттэй байгаа сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Энэхүү хөтөлбөр сувилагчаар ажиллах сонирхолтой хүн бүрд нээлттэй.
Элсэлтийн Ерөнхий шалгалт өгч 420 оноо авсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой. 2025 оны 9 дүгээр сараас эхлэх тус хөтөлбөр эхлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
АШУҮИС -ийн багш нарын баг орон нутагт ирж мэргэжлийн хичээлийг заана. 2,5 жил суралцаж, сувилагчийн дэд бакалавртай болж төгсөх юм. 2,8-аас дээш голчтой суралцагч МУЗГ-ын тэтгэлэгт 100 хувь хамрагдах боломжтой.
Сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат, АШУҮИС-ийн тэргүүн дэд захирал Ц.Билэгтсайхан болон холбогдох төлөөлөл оролцож хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж, хамтран хэрэгжүүлэх саналаа солилцлоо.
Уулзалтын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймаг дахь АШУҮИС-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Сүхбаатар аймгийн тухайд 2022 онд сувилагч мэргэжилтнийг орон нутагтаа бэлтгэх хөтөлбөрийг эхлүүлж, 21 суралцагч хамрагдсан бөгөөд 5 сард төгсөж, мэргэжлийн үнэмлэхээ гардаж авахад бэлэн болжээ.Энэ удаа сувилагч болон туслах сувилагч бэлтгэх хөтөлбөрөөр үргэлжлэхээр болж байна.