
2025 оны хаврын улиралд хээрийн түймрийн эрсдэл эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Старт Нэтворк (Start Network) сангаас санхүүжилттэй, “Хээрийн түймрийн эрт арга хэмжээний төсөл”-ийг Дэлхийн Зөн Монгол ОУБ болон People in Need олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн зорилго нь хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, орон нутгийн эрт арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлэх, мэдээлэл, чадавх, техник тоног төхөөрөмжөөр хангах замаар гамшгийн хохирлыг багасгах юм.
Уг төсөл нь 2025 оны 4-р сарын 16-наас 5-р сарын 31-ний хооронд хэрэгжих бөгөөд Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн нийт 10 сумыг хамарч байна. Үүнээс Дэлхийн Зөн Монгол ОУБ • Сүхбаатар аймаг – Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан зэрэг сумдад төсөл хэрэгжиж байна.
Төслийн баг Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбаттай уулзаж төслийн талаарх мэдээлэл явцын талаар ярилцаж, мөн аймгийн хэмжээнд хэрэгжиж болох төсөл хөтөлбөрийн талаар санаа бодлоо хуваалцсан уулзалт боллоо.
Дэлхийн Зөн Монгол ОУБ нь гамшгийн эрсдэлд өртөх магадлалтай бүс нутгийн хүн амын амьжиргаа, амь нас, хүүхдийн сайн сайхныг хамгаалах үүрэгтэйгээр энэхүү төслийг үр дүнтэй, богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.