
НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны суурь баримт бичиг болох Улс орны хөтөлбөрийн (2023-2027) баримт бичгийг 2022 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газар, 9 дүгээр сард Нью-Йорк дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Удирдах Зөвлөл тус тус баталсан. Таван жилийн хугацаанд хэрэгжих тус хөтөлбөрийг улс орны хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулсны зэрэгцээ үндэсний болон орон нутгийн түвшин дэх төрийн болон төрийн бус байгууллагууд, хүүхэд залуус, бусад холбогдох талуудтай зөвшилцөж боловсруулсан билээ.
Улс орны хөтөлбөрийн баримт бичиг батлагдсантай холбоотойгоор Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан ирэх таван жилийн Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр аймагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, ололт амжилт, тулгарч буй асуудлууд, тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцож байна.