
Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Бат-Орших, нарийн бичиг шүүгчээр МУГДасгалжуулагч Г.Оюунболд, хяналтын шүүгчээр МУГТ, Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг болон Монголын боксын холбооны шүүгчид ажилласан нь энэхүү тэмцээний цар хүрээг илтгэж байв. Тиймээс заалны зохион байгуулалтад ч онцгой анхаарч бүхий л талаар мэргэжлийн, стандартын орчныг бүрдүүлэхийг зорьжээ. Энэ нь ч оролцогчид болоод орон нутгийн үзэгчдийн сонирхлыг татаж байлаа.
Сүхбаатар аймагт боксын спорт хөгжих бүрэн боломжтой гэдэг нь Н.Ганхуяг багшийг ажиллах гуравхан жилийн хугацаанд харагдсан. Багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлж байгаа М.Мөнхжаргал дасгалжуулагчдаа талархал илрэхийлье. Манай баг тамирчид богино хугацаанд өндөр амжилтуудыг удаа дараа гаргаж байгаа. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс онцгойлон анхаарч, дэмжин ажиллаж байна. Бид ирээдүйд олимпын медальтан төрүүлэх том хүсэл, зорилготой. Үүний тулд энэ төрлийн уралдаан тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулж, тамирчдаа сорих, ур чадварыг нь дээшлүүлэх, цаашлаад бусад тамирчдаас туршлага судлах боломжийг нь бүрдүүлж байгаа юм хэмээн аймгийн Засаг дарга, Боксын холбооны тэргүүлэгч М.Идэрбат нээлтийн үгэндээ хэлсэн.
Харин ОУХМ Н.Ганхуяг хэлэхдээ, Олон шилдэг баг тамирчдыг нэгтгэсэн том хэмжээний тэмээн зохион байгуулж буй Сүхбаатар аймгийн ЗДТГ, Боксын холбоо, шавь нартаа баярлалаа. Аймгийнхаа боксын холбоог маш сайн авч яваа тэргүүн, тэргүүлэгч нартаа баярлалаа. Сүхбаатар аймагт боксын спорт хөгжих нөхцөл боломж нь бүрдсэн байна. Нас насны шилдэг тамирчид ч хэдийнэ бэлтгэгдээд эхэлсэн байгааг харах үнэхээр баяртай байна гэв.