
ü Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Хосбаяр, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүнтэй цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийлээ. Энэ удаагийн хурлаар зарим чиглэлийн авто замыг шуурхай нээх, төвийн зам болон нийтийн эзэмшлийн зам талбайн нөхцөл байдал, ногоон байгууламж сүйтгэж буй малын асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Зарим чиглэлийн авто замыг нээнэ
ü Хурлаар Өлгий уул, Гүнбулаг болон Олгой булаг нүүрсний уурхай чиглэлийн авто замыг нээх ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ, Онцгой байдлын газарт үүрэг болгов.
ü Баруун-Урт сумын төв дээрх авто замын нөхцөл байдал, хальтиргаа гулгаа үүссэн газруудад арга хэмжээ авах, гулгаа их хэмжээгээр үүссэн замын уулзваруудад хайрга асгах, хэвийн зорчих нөхцлийг бүрдүүлэх ажлыг “Сүхбаатар тохижилт үйлчилгээ” ААТОНӨҮГ-т үүрэг болгов.
Баруун-Урт сумын төвийн мөстсөн авто замыг цэвэрлэнэ
ü Төвийн авто замын тухайд 3,4-р тойргийн авто замуудад хальтиргаа үүсэж мөстсөн байна. Холбогдох байгууллагаас давс цацаж байгаа ч тухайн бодис 25 градус дотор цас хайлуулдаг түүнээс давж хүйтэрч байгаа учир мөстөж хөлдөх гулгаа үүсэх нөхцөл бүрдсэн гэдгийг тодотгов. Мөстсөн замыг хайрга асгах, гар аргаар цэвэрлэх боломжтой юм байна.

Сүхбаатар тохижилт үйлчилгээны газарт хүн хүч техникийн дэмжлэг үзүүлнэ
ü Хот тохижилтын байгууллагын ажилчид ням гарагаас бусад бүх өдрүүдэд зам талбайн мөс цэвэрлэж байгаа ч хүн хүчний хувьд хүрэлцэхгүй байгааг хэлж байв. Албан байгууллага аж ахуй нэгжүүд цас орсны дараа хуваарьт газраа цэвэрлээд орхиж байгаа нь хангалтгүй байгааг ч мэдээлэлдээ онцлов.
ü Аймгийн удирдлагын зүгээс хүн хүч болон техникийн дэмжлэг үзүүлж, ойрын хугацаанд зорчиход хүндрэл үүссэн төвийн авто зам, талбайг цэвэрлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээр болов.
Ногоон байгууламж руу малаа оруулсан тохиолдолд идэж сүйтгэсэн моднуудад үнэлгээ хийлгэж шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ
ü Аймаг болон сум, хууль хяналтын байгууллага, багийн Засаг дарга, мод тарих, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажлын хэсэг гарч ажиллахаар болов.
ü Баруун-Урт сумын ЗДТГ ногоон байгууламж руу малаа оруулсан иргэнийг зургийг нь баримтжуулж, хуулийн байгууллагад хандсан байна. Цаашид энэ зарчмаар буюу ногоон байгууламж руу санаатай болон санаандгүй малаа оруулсан тохиолдолд тухайн идэж сүйтгэсэн моднуудад үнэлгээ хийлгэж, шүүхийн байгууллагаар шийдвэрлэж байхаар тогтов.