
Сүхбаатар аймгийн Хүүхэд,гэр бүл хөгжил хамгаалалын газар, Сүхбаатар аймгийн Улаан Загалмай Хороо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Аймгийн эмэгтэй удирдах ажилтнуудын санаачилгаар Эх хүүхэд эрүүл байг малчин эмэгтэйчүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор хандивын аян зарлаж, эмэгтэйчүүдийнхээ дунд зорилтот уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд 235 жирэмсэн малчин эмэгтэйчүүд байна. Тэдгээр бүх эхчүүдэд хүрч туслах талаараа зохион байгуулагчид ярьж байна. Бие давхар малчин бүсгүйчүүд маань нилээдгүй бэрхшээлтэй цаг үеийг туулж цаг наргүй хүнд хүчир ажил, хотон дахь малаа нүдэн дээрээ алдах сэтгэл зүйн хямрал, цас зуд, зам тээврээс улбаалан жирэмсний эрт үеийн хяналтандаа орохгүй байх зэрэг нь үр зулбалт, дутуу төрөлтөд нөлөөлөх хүчин зүйл болж буй тул малчин бүсгүйчүүддээ туслах тус хандивын аяныг эхлүүлсэн ажээ. Өнөөдрийн уулзалтанд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага бизнесмен эмэгтэйчүүд оролцож сэтгэлийн дэм өгөх тус аянд нэгдэж буйгаа илэрхийлж тусламжийн гараа сунгалаа.
